Онон голын сав газрын Цэн тогоруу
(«Амурын эх» Хил дамнасан тусгай хамгаалалттай газар)
Малков Е.Э.
Сохондын шим мандлын дархан газар
Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа
Ерөнхий мэдээлэл
Энэ тогорууг Цэн тогоруу гэдэг бөгөөд эх нутаг нь ОХУ-ын дагуур юм. Түүнийг 1811 онд агуу эрдэмтэн судлаач, аялагч Петр Симон Паллас илрүүлж, анх тодорхойлжээ.
Нэрний тухай:
Олон улсын шинжлэх ухааны нэршил: Grus vipio (PALLAS, 1811), Оросоор Даурский Журавль буюу Дагуурын тогоруу гэж нэрлэдэг. Учир нь Монгол орны зүүн хойд зах, Оросын холбооны улсын Зүүн Забайкали мужийн урд хэсэгт байрлах Дагуур гэх газарт байршдаг байсантай холбоотойгоор түүнийг ийнхүү нэрлэжээ. Монголоор Цэн тогоруу, англиар White-naped crane гэж нэрлэдэг.
Таних шинж
Цэн тогоруу нь энэ бүс нутагт биеэр том тогорууны нэг ба өндөр нь 1.9 м, далавчны урт 2.5, жин нь 6 кг хүрнэ. Түүнийг хүнтэй харьцуулахад хүнээс ч өндөр байна. Нас бие гүйцсэн тогорууны бие нь цайвар саарал өнгөтэй, сүүл болон далавчны хэсэг нь цагаан, хүзүү нь 2 өөр өнгөтэй, хүзүүний голлох өнгө нь цагаан, толгойны араас хар саарал судалтай; тогорууны толгойны магнайн хэсэг нь улаан (холоос харахад хар цэг шиг харагддаг); эр, эм тогорууны өнгө зүс, биеийн хэмжээ нь бараг ижилхэн хэдий ч эр тогоруу нь эмээсээ бага зэрэг том байдаг. Залуу дэгдээхэй нь дээрээсээ ихэвчлэн улаандуу өнгөтэй, сүүл болон далавч нь бараан саарал байдаг.
Биологи ба экологийн онцлог
Цэн тогоруу нь 3-4 настайдаа нас биенд хүрдэг ба нас биенд хүртлээ ихэвчлэн жижиг сүрэгт нийлэн аялж амьдралыг танин мэддэг. Нас бие гүйцсэн тогоруу хос болмогцоо хосоороо хөг нийлүүлэн чанга дуу гарган тонгочиж, цовхчиж наадна. Энэ нь орооны үед илүүтэй ажиглагдана. Энэ нь хосуудын харилцаа улам бат бөх болсоныг илтгэдэг байна. Тус тогоруу нь үүрээ ус намгархаг газар, голын хөндийд эсвэл нуурын ойролцоо чийглэг нугад засдаг. Ихэвчлэн 2 өндөг гаргах ба эр эм тогоруунууд хоол хүнс цуглуулах, бие биенээ амраах зэргээр ээлжлэн өндөгөө дарна. Ихэнх тохиолдолд 1 өндөг амжилттай бойжиж дэгдээхий болно. Үүрлэлтийн явцад таагүй нөхцөл буюу хуурайшилт явагдах үед тогоруу үүрээ орхин явдаг. Цэн тогоруу нь үүрлэх үедээ хүний зүгээс үзүүлэх ямар нэгэн сөрөг нөлөөнд мэдрэмтгий байдаг. Мөн золгүй гэнэтийн тохиолдол, махчин амьтад (чоно, үнэг, золбин нохой) зэргээс шалтгаалан өндөг дарах, үүрлэлт нь амжилтгүй болдог. Уг тогорууны нүүдэллэх цаг ойртоход хэсэг хугацаанд тариалангийн талбай, нуур болон голын хөндий зэрэг газруудад хэсэг хугацаанд цугларч бие биенээ танин, ижил дасал болдог.
Статус
Цэн тогоруу нь үүрлэж, нүүдэллэдэг шувуу бөгөөд өвөлжиж байсан газраасаа хаврын улиралд зах хязгаар нутаг руу нүүдэллэн ирж, үүрлэн өндөгөө дарж, дэгдээхийгээ өсгөн бойжуулдаг. Мөн зуны улиралд эрт ирсэн ганц бие шувууд жижиг сүрэг үүсгэн амьдарч өөрсдийн нүүдэллэдэг газартаа хамтдаа буцдаг.
Уг тогоруу нь Оросын холбооны улсын Өвөр байгалийн мужийн улаан дансны нэн ховор буюу нэгдүгээр зэрэгт, Монгол улсын улаан номонд нэн ховор зүйл, ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар устаж болзошгүй “эмзэг” ангилалд тус тус хамаарагддаг. Мөн Цэн тогоруу нь Оросын холбооны улсын "Ховордсон амьтан, ургамлын төрөл зүйлийн олон улсын худалдааны конвенц", "Зэрлэг амьтдын нүүдлийг хамгаалах тухай конвенц"-ийн жагсаалтанд орсон байдаг бөгөөд үүнээс гадна олон улсын хоёр талт гэрээнүүдэд Цэн тогорууг хамгаалахаар (Орос, Япон, Монгол, хоёр Солонгос улсын хооронд байгуулсан) тусгасан байдаг.
Тархац, байршил нутаг
Цэн тогорууны талаархи анхны мэдээллээс үзэхэд түүний үржлийн газар нутагт Монгол улсын урд талын тархац нь Хэрлэн голын хөндийгөөр хязгаарлагдсан байсан. Хойд талаараа Орос улс, зүүн талаараа Хятад улстай хиллэдэг. Тархацын баруун хязгаар нь Хэрлэн голын хөндий дэх Өндөрхаан хотсс зүүн хойт зүгт 23 км зайтай 1 үүр тэмдэглэгдсэнээр тодорхойлдог. Дадал сумын хойд хэсэгт Балж гол (Онон голын цутгал)-д бас тааралддаг. Хамгийн түгээмэл тархацтай газар бол Улз голын хөндий юм (Фомин ба Болд, 1991). Түүнчлэн ЗСБНХУ-ын Улаан ном (1983)-ын мэдээллээр Оросын хэсэгт зөвхөн 1 эсвэл 2 үржлийн хос цэн тогоруу бүртгэгдсэн байдаг.
Бидний судалгааны үр дүнгээр тархацын баруун хязгаар нь Хэрлэний дээд хэсэг (Хэнтий аймгийн Мөнгөнморь сумын нутаг), хойд хэсэг нь ОХУ-ын Өвөр байгалийн мужийн Кира район орчимд хэдэн үржлийн хос жил бүр бүртгэгддэг; Балж голын хөндий, Онон гол дагуу хамгийн их нягтшилтай тааралдана.
Онон-Балжийн байгалийн цогцолборт газар байгуулагдсанаас хойш тогорууны амьдрах орчны судалгаа үргэлжлэн хийгдэж байна (Цэвээнмядаг, 2003). 2000 оны эхэн үед Сохондын шим мандлын дархан газрын анхны экспедиц ирж судалгаа хийсэн ба 2010 оноос байнгын мониторинг судалгааг тогтмол хийж, Монголын Онон-Балжийн байгалийн цогцолборт газар (БЦГ), ОХУ-ын Өвөр Байгалийн мужийн Сохондын шим мандлын дархан газрын хамгааллын бүсийг багтаасан Хил дамнасан бүс нутагт судалгааны замналыг тодорхойлж, цэн тогорууны популяцийг судалж байна. 2013 онд Монгол,
Оросын хилийн дагуух бүс нутагт хөрш зэргэлдээх тусгай хамгаалалттай газар нутгийг нэгтгэх замаар ховор зүйлүүдийн хамгааллын ажлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Амурын эх” төслийг эхлүүлсэн.
Энэ хугацаанд хийсэн бидний ажиглалт, судалгааны үр дүнд тогоруу ажиглагдсан газруудад газрын зураг дээр цэгүүдээр тэмдэг тавьж, мэдээллийн сан бүрдүүлж ажиллаж байна. Үүнээс харахад цэн тогорууны тархацын гол нутаг нь Монгол Улсын Онон-Балж голын сав, түүний орчим болон хойд тал нь түүний түүнтэй хил залган байрладаг ОХУ-ын Кыра район орчмын газрууд байна. Газрын зурагт тус тогорууны жил бүр үүрлэдэг газруудыг тэмдэглэсэн байгаа бөгөөд харин цэн тогорууны хамгийн тархан байрласан газруудыг дугуйлан тэмдэглэж харуулсан байна. Энэхүү дугуйгаар тэмдэглэгдсэн хэсгүүдэд Онон голын ай сав төдийгүй түүний жижиг цутгалан голуудын орчим тэмдэглэгдсэн байна.
Оросын холбооны улсын нутаг дэвсгэрт Цэн тогоруугийн амьдрах орчин маш тааламжгүй байдаг: газрын гадаргуу нь далайн түвшнээс 900 м өндөр (Кыра тосгоны ойролцоо), нарийхан уулын хөндийтэй, хүний нөлөөлөл харьцангуй их байдаг. Энд өмнө нь үүрлэж байсан газар нь амьдрахад таагүй болох (жишээлбэл, хуурайшилт, ган гачиг) үед уг газрын орчимд үүрлэх нь ихэсдэг, эсвэл энэ орчимд шувуудад амьдрах нөхцлийг бүрдүүлсэн байж болох юм (Малков, 2015). Тэд сүргээрээ амьдрах үедээ янз бүрийн газрыг сонгодог бөгөөд энэ үед тархацын хил хязгаар маш их хэлбэлзэлтэй байдаг.
Амьдрах орчин - Местообитания
Онон, Балж, Улз гол тэдгээрийн томоохон цутгалан, голын хөндийн тал хээр, ойт хээрийн бүс нутгуудад нилээд тархах боловч үүрлэх газруудын хувьд голын хөндий, нуурын ойролцоо намаг ихтэй ус намгархаг газруудад илүү байршиж байгаа нь ажиглагддаг. Тус тогоруу нь амьдрах орчны таатай нөхцлөөс шалтгаалан Оросын талд эсвэл Монголын талд, мөн Онон мөрний хөндийд болон бусад газарт гэх мэтээр амьдрах орчноо байнга сольж өөрчилдөг байна. Цэн тогоруу нь ихэвчлэн ус чийг ихтэй голуудын үертэй хэсгүүдийн ойролцоо үүрээ засдаг. Монголын хувьд Онон-Балжийн БЦГ түүний ойр орчим дахь газрууд болон Онон, Балж, Тэнгэлэг гол Манхаадай гол, Галттайн гол зэрэг голуудын ойролцоо байршдаг. Мөн уг тогоруу нь Цагаан нуур зэрэг том, жижиг нууруудын намаг, эргүүдэд үүрээ засдаг, Оросын талд Балж, Бөххөн, Агац, Хэр, Онон голуудын хөндийгөөр, мөн Алтан, Курцин нуур зэрэг нуурын ойролцоо үүрлэдэг байна. Үржлийн бус үедээ голын хөндий ба уул хоорондын хөндийгөөр жижиг сүргээр тэнүүчлэн амьдардаг. Харин нүүдэллэх үеээрээ Алтан, Шивичи (ОХУ-ын Өвөр Байгалийн мужийн Кыра район), Монголын зэргэлдээх хэсгүүдийн бусад газруудад цугладаг Улз голын хөндий мөн Хэнтий аймгийн Норовлин сумын тариалангийн талбайд нүүдлийн өмнөх хамгийн их массыг хамарсан цугларалт болсон нь тэмдэглэгдсэн байна.
Нүүдэл - Миграции
Жил бүрийн дөрөвдүгээр сарын эхэн, дунд үед хаврын анхны нүүдэл эхлэнэ. Зуны улиралд бие гүйцээгүй тогоруунуудын сүрэг зарим үед ажиглагддаг. 9 дүгээр сарын сүүл, 10 дугаар сарын эхээр намрын нүүдэл эхлэнэ. Намрын улиралд Монголд цэн тогоруу нь тариалангийн талбайн ойролцоо, Хэнтий аймгийн Норовлон сумаас холгүй байрлах Улз голын хөндийд бусад зүйлийн тогоруунуудтай (Хархираа тогоруу, Өвөгт тогоруу г.м.) нийлж бөөгнөрөл үүсгэдэг. ОХУ-ын хувьд уг тогоруу нь ихэвчлэн үүрлэх газартайгаа ойрхон буюу 4 дүгээр сарын сүүл 5 дугаар сарын эхээр нуур болон ус намаг ихтэй голын хөндийд ирж байршдаг бөгөөд ихэвчлэн хосоороо ирдэг нь ажиглагдсан байна. Мөн ус намаг ихтэй голын хөндийн алслагдсан хэсгүүдэд ч тогоруу үүрлэж байгаа нь ажиглагддаг. Цэн тогоруу нь намрын улиралд буюу ихэвчлэн 9 дүгээр сарын эхээр буцдаг, тэдгээр нь ихэвчлэн томоохон нуур түүний ойр орчимд жижиг сүргүүдийн бүлд хуваагдан массын бөөгнөрөл үүсгэхгүйгээр буцдаг тул тэдгээрийг буцахыг төдийлөн анзаардаггүй байна.
Нүүдлийн корридор - Миграционные коридоры
Балж, Бөххөн, Агац, Хэр, Онон голуудын хөндий нь тус тогорууны нүүдлийн корридор газар бөгөөд өөрөөр хэлбэл хойд нутгийн Цэн тогорууны сүргийг Монголоос Оросын газар нутаг руу нэвтрүүлэх нүүдлийн коридор нутаг юм. Цаг уурын тааламжгүй нөхцөлд тус тогоруу нь өмнө нь үүрлэсэн үүрний орчимд шинээр үүрлэн Монгол улсын хилд ойрхон байрладаг. Энэхүү тархацын хилийн хэлбэлзэл нь тогорууны нь үржлийн үед илүүтэй ажиглагддаг байна.
Тоо толгой, түүний динамик - Численность и ее динамика
Хамгийн тааламжит хугацаанд Оросын нутаг дэвсгэр дэх цэн тогорууны тоо хэмжээ нь ойролцоогоор 50 хувь хүртэл өсдөг ба харин газар нутгийн тааламжгүй нөхцөлд энэ тоо нь 2-10 дахин буурдаг.
Тодорхой чиглэлд 2005-2017 онуудад Оросын нутаг дэвсгэрт байгаа Цэн тогорууг тоолоход Алтано-Кыринской уулын ар буюу Кирагийн цутгалд, хээрийн нууруудын ойр орчимд үржлийн хосын тоо 3-6-ын хооронд хэлбэлзэж байгаа нь тогтоогдсон байна. Мөн Онон голын хөндий болон хилийн ойролцоо (ганц хосоор) Кыра, Агуца, Балж голуудын орчимд уг тогорууны тоо тогтвортой буюу 2-3 хос, Хэр, Бөхөн голуудын хөндийн хувьд тогорууны тоо толгой олон жилийн турш хэлбэлзэлтэй байна. Популяцийн дийлэнх хэсэг, тархалтын гол цөм нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлаж багаа бөгөөд түүний тоо Оростой харьцуулбал харьцангуй их байдаг.
Онон-Балжийн БЦГ болон түүний орчны бүсийн зарим газруудад уг тогорууны тоо толгойг судлах зорилгоор ажиглалт хийх маршрутыг тогтоосон. Ажиглалтын үеэр голын хөндий дэх зүйлийн тоо толгойн хэлбэлзэл ажиглагдсан байна.
Мөн уг ажиглалтын хүрээнд Улз голын хөндийд зүйлийн тоо хэлбэлзэлтэй байгаа нь ажиглагдсан. /100км орчимд/ Үүнд 2010 онд 2 үржлийн хос, 2011 онд 4 үржлийн хос, дараагийн жилүүдэд жил бүр үүрлэх хос нэг болж тогтворжсон байна. 2015 оны 9 дүгээр сарын 22-нд буюу тус тогорууг нүүдэллэхээс өмнө 300 орчим тогоруу Улз голын хөндийд тоологдсон байна. Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хариуцсан хэсгийн байгаль хамгаалагчийн мэдээллэсэнээр 2014 онд буцахаасаа өмнө тус тогорууны тоо 600 орчим, харин намар нүүдлийн үеэр тухайн үеийн цэн тогорууны тоог дунджаар 300 байсан хэмээжээ.
100 км урттайгаар тогтоосон Дадал-Биндэр хүртэлх судалгааны маршрутад дунджаар 4-6 үржлийн хос бүртгэгдсэн байна. Мөн ганц бие тогоруунуудын сүрэг ч тэмдэглэгдсэн байна. (2006 онд 5, 2010 онд 8, 2014 онд 6, 2019 онд 12 г.м.).
125 км урттай Биндэр-Дадал гэх 2 дахь судалгааны маршрутын дагуу (Галттай голоор дамждаг) тогорууныхаа харагдацын тоо хэлбэлзэл ихтэй буюу 2007 онд 1 хос, 2008 онд 2 хос, 2010 онд 6 хос тус тус бүртгэгдсэн бол сүүлийн жилүүдэд буюу 2012–2013 онд 3 хос, 2011 онд 7 хүртэл өсөж, 2014–2018 онд 8 хос бүртгэгджээ. Мөн Цагаан нуурын орчимд нүүдлийн өмнөх бөөгнөрөл 2011 оны хавар 20 2011 оны намар 24; 2015 оны намар 38 гэх мэтээр ажиглагдсан байна.
"Дадал сум-Хэрийн гол" (60 км) 3 дахь маршрутын дагуух тогоруунуудын тоо толгой тогтворгүй 1-3 хос хүртэл хэлбэлзсэн байна. 2011 онд ганц бие тогоруу 1 удаа бүртгэгдсэн.
Хязгаарлах хүчин зүйлүүд - Лимитирующие факторы
Орос улс нь цэн тогорууны популяцын тархацын зах хэсэг бөгөөд цаг агаарын нөхцөл, ялангуяа ган гачиг зэргээс хамааран тогорууны тоо толгой их хэлбэлзэлтэй байдаг (Малков, 2011, 2012, 2015 он). Монголын нутаг дэвсгэртэй харьцуулахад Оросын талд тогоруу үүрлэх боломжит газрууд харьцангуй бага байдаг. Монголд тус тогорууны амьдрах нөхцлийг хязгаарладаг гол хүчин зүйл нь ган гачиг, бэлчээрийн нягтрал юм. ОХУ, Монголын газар нутаг хоёулаа махчин амьтан ихтэй, түүний дотор золбин ноход маш их байдгаас хамааран Цэн тогорууны амьдрах орчин, тархацыг хязгаарлаж байна.
Хамгааллын арга хэмжээ - Меры охраны
Цэн тогорууны үржлийн голлох газруудыг хамгаалах тусгайлсан хамгааллын арга хэмжээ байдаггүй. Тогорууны амьдрах орчин нь түүний оршин байршиж буй орчны ус, чийгээс шууд хамааралтай байдаг. Цаг уурын өөрчлөлт, хуурайшилт удаан үргэлжилсэнээс шалтгаалан тус тогорууны амьдрах орчин хатаж хуурайших үед тогоруу нь сүргийнхээ хамтаар үүрээ орхин явна. Энэ тохиолдолд тогорууны амьдрах орчныг хамгаалах арга хэмжээг одоогоор боловсруулаагүй байна. Гэсэн хэдий ч Хэнтий аймгийн Норовлин сумын Улз голын хөндийд малчид хамтран Цэн тогорууны хэрэгцээнд зориулж хөв цөөрөм шинээр үүсгэж үүрээ орхиж байгаа тогорууд тэдгээрийн ангаахайд тусалсан тохиолдлууд байдаг. Энэ зүйлийн тогорууг цаашид хамгаалахын тулд нэн тэргүүнд түүний амьдрах орчныг хамгаалах, хадгалах мөн түүнчлэн хүний үзүүлэх шууд ба дам сөрөг нөлөөллийг багасгах шаардлагатай байна.
Байгалийн эхийн үнэ цэнэ хүн төрөлхтөнд
Хил дамнасан нутаг дэвсгэрт амьдардаг тогоруунуудын нэг бөгөөд тэдгээрээс хамгийн үзэсгэлэнтэй нь Цэн тогоруу юм. Энэ нь бусад зүйлийн тогоруунаас илүү ховор бөгөөд түүний амьдрах орчин нь Дагуур болон түүний ойр орчмоор хязгаарлагддаг. Цэн тогорууны дуу нь юутай ч зүйрлэшгүй юм. Цэн тогоруу нь гоёмсог төрх, зан авираар анхаарал татдаг. Эдгээр тогоруу нь гэр бүлсэг бөгөөд хамтдаа байх дуртай. Мөн тэр бидний хажууд ч амьдардаг. Цэн тогоруу бол Амур мөрний байгалийн үзэсгэлэнт газрын өнгө төрх юм. Тэрээр мөн хүн төрөлхтөн бидний байгальд хэрхэн хандах хандлагын нэг үзүүлэлт юм. Бид хүрээлэн буй орчиндоо хэдий чинээ халтай хандана төдий чинээ уг тогорууг улам ихээр зовоож байна. Тэд үржлийн газраа сонгохдоо аль болох хуучин өмнө нь зусч байсан газраа сонгодог бөгөөд гадны хүчин зүйл ялангуяа хүмүүсийн халдлага, дарамтнаас хол байхыг хичээдэг.
Ашигласан бүтээлүүд - Используемая литература
Красная книга РСФСР. Животные. М.: Россельхозиздат, 1983.
Фомин В.Е., Болд А. Каталог птиц Монгольской Народной Республики. М.: Наука, 1991. – 125 с.
Монгол Улсын Улаан Ном. Улаанбаатор, 1997. 388 с.
Цэвээнмядаг Н. Птицы Онон-Бальжинского парка Монголии // Орнитологические исследования в Сибири и Монголии. Вып. 3. Улан-Удэ, 2003.
Малков Е.Э. О журавлях в верховьях р. Онон в Забайкалье // Журавли Евразии (биология, распространение, миграции, управление). 2011. Вып. 4 М., с. 262-267.
Малков Е.Э. Особенности природных изменений трансграничной экотонной территории в аридных условиях на примере юга Восточного Забайкалья // II Международная научная конференция. Разнообразие почв и биоты Северной и Центральной Азии. 20-25 июня 2011 г. Институт общей и экспериментальной биологии СО РАН Г. Улан-Удэ.
Малков Е.Э. Трансграничные миграционные коридоры редких видов животных проектируемой ТООПТ «Истоки Амура» // Международная конференция ««Экосистемы Центральной Азии в современных социально-экономических условиях», посвященной 45-летию СРМКБЭ РАН и АНМ к 50-летию ИОиЭБ АНМ, 8-10 сентября 2015 г., г. Улан-Батор, Монголия.
Малков Е.Э. Мониторинговые исследования Журавлеобразных в ТООПТ "Истоки Амура" // IV Международная конференция Журавли Палеарктики (биология, охрана, управление) 1-4 сентября 2015 г. Государственный природный биосферный заповедник «Даурский», Забайкальский край, Россия.
Малков Е.Э., Уникальное место скопления разных видов птиц в период осенних миграций на трансграничной территории «Истоки Амура» // 2016. Дальневосточный орнитологический журнал, г. Владивосток, Россия.
Малков Е.Э. Влияние прогрессирующей аридизации на состояние некоторых видов птиц в долине Улз-гол // Межрегиональная научно-практическая конференция, посвященная 75-летию со дня рождения и 50-летию научно-педагогической деятельности заслуженного эколога Российской Федерации, доктора географических наук, профессора А. Б. Иметхенова Ландшафты Внутренней Азии (современное состояние, динамика и рациональное использование) 14 октября 2016 г. г. Улан-Удэ.